- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн Wednesday, 22 January 2014 19:03
- Үзсэн: 1115
Ёс заншил, утга агуулга Бидний монголчууд байгаль дэлхий ааш аяг зөөлөрч хаврын тэргүүн сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг арга билгээр шинжин арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог ёс заншилтай үндэстэн юм. Энэ тойруулга нэгээс нөгөөд шилжихэд бүхнээ хүлээсэн шинэ он, цаг эхлэн монгол орон даяар газар сайгүй баяр хөөр болж энэхүү өгөөмөр үеийг цагаан сар хэмээн бултаар тэмдэглэн үндэсний ёс заншлаа дээдлэн, тэнгэр бурхандаа сүүн цацлаа өргөн улс үндсээрээ эв нэгдлийг бэлгэдэн золгодог уламжлалтай билээ. Нар хаяалбараасаа улам дээшлэн мандаж, өдөр будайн чинээ уртсан хаврын урь орж хүн бүхний сэтгэл тэнийн урин цаг, улирал ирлээ хэмээн бэлгэшээдэг. Эдүгэ аргын тооллын 2014 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр арвандолдугаар жарны ялгуулсан хэмээх модон морин жил гарах тул бүх морь жилтнүүдийн жил орно. Жил орох гэдэг энэ арван хоёр жилийн хэмнэлийг нэг бүтэн тойрч төрсөн жилдээ ирж буй хэрэг. Иймээс 13, 25, 37, 49, 61, 73.. гэх мэт настны жил орно. Морин жилд төрсөн хүүхдүүд нэг хий настай хэмээн мөн жил орж буй. Ийнхүү ээлжлэн урсах он жил, сар өдөр, цаг мөч бүхэлдээ байгаль дэлхий орчлонтойгоо амин холбоотой агаад монгол хүний заяа төөрөг ямагт өөдөө, өсөн дэвжихийн батбэлгэдэл болсоор ирсэн юм. Хүлэг морио хань нөхөр мэт хүндлэн дээдлэдэг монголчуудын хувьд морин жил ээлтэй байдаг бөлгөө. Энэ бэлэгт сайн өдрөө монголчууд ёс төртөй угтаж, амь нас, аж амьдрал, хувь заяагаа даатган тэнгэр бурхандаа залбирдаг. Цагаан сар бол өнө эртнээс өдгөө хүртэл өвөг дээдсээс маань уламжлан үлдсэн шашин, төрийн гүн утга агуулга, язгуур ёс заншил, өнгө төрх бүхий үндэснийхээ онцлогоо хадгалан үлдсэн монгол түмний цорын ганц баяр, бидний түүхэн уламжлал, ахуй соёлын маань үнэт өв юм. Эл бүгд нийлвээс улс үндэстний эв нэгдэл, туурга тусгаар монгол түмний өнө мөнхөд оршин тогтнохын үндэс суурь болно. Бид бээр улаан залаат, хөх толбот монгол хүн шүү гэдгээ ямагт санаж, бид бол өрнө дорныхноос огт өөр, өөрийн гэсэн бичиг үсэг, хэл яриа, цаг тоолол, ахуй соёл, ёс суртахуун, зан заншилтай, энэ бүхнийхээ дагуу цагаан сар, баяр наадмаа хийдэг улс үндэстэн, бид бол бусадтай адилгүй, бид бол монголчууд гэдгээ илэрхийлж буй нэг том боломж юм. Хаана төрсөн нь хамаагүй ээ, удам угсаа нь, сэтгэл санаа нь би монгол хүн гэсэн эх оронч сэтгэхүй нь хамгаас чухал. Энэ нь хилийн чандад буй монгол гарал үүсэлтэй бүх хүмүүст хамааралтай гэсэн үг. Иймээс Цагаан сар Та бидэнд, дээрх бэлгэдэл бүхнийг өвч биедээ агуулсан ёс заншилт монгол хүн гэдгээ ямагт эргэн санах тэр мөчийг жилийн жилд авч ирдэг юм. Цагаан сарын баяр бол монгол хүний уужим ухаан, ариун цагаан сэтгэл, цог хийморийг бадрааж, гарч буй жилийн эхнээс зөв замаар замнахад нь зууч болох учиртай, жилдээ нэг тохиох бэлэгдэл чанарын маань агуулга нь юм. Гадаад орнууд баярын өмнө Гадаад орнуудад иймэрхүү үндэсний чанартай том баяр болгоны өмнө нийтийн тээвэр, харилцаа холбоо, нийтийн өргөн зугаалга болон урлаг, спортын тэмцээн зохион байгуулж, нийтийн аюулгүй байдалд онцгой анхаарч байдаг. Баярын өмнөх өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд үнийн хямдрал зарлан уртатгасан цагаар ажиллаж, үзвэрийн газруудад үндэснийхээ соёл урлагын түүхэн бүтээлүүд, үндэсний дуу хөгжим, ёс заншлын болон ардын урлаг хуучны наадгай тоглоом зэргийг өргөн дэлгэр гаргаж иргэд олон бүгдээр баярын уур амьсгалд сэтгэл тэнүүн ордог. Дэлгүүрүүд ингэж үнээ хямдруулах гэрээг анхнаас хийн үйлчилгээнийхээ зөвшөөрлийг авч бүр заншсан байдаг. Ийм гэрээгүй бол үйлчилгээний зөвшөөрөл олгодоггүй. Шинээр орон сууц барих компаниуд мөн ялгаагүй тодорхой хувиар бага орлоготой гэр бүлийг хөнгөлттөй үнээр суулгахаар гэрээлж эрх авдаг. Нийт иргэд баярын хямдралд зориулж хадгалсан мөнгөөрөө хэрэгцээт эд зүйлсээ, хүүхдүүд мөрөөдсөн бэлгээ авах өргөн боломж нээгддэг тул оны эхнээс онцгой ихээр хүлээдэг үйл бол энэхүү үнийн хямдрал ажгуу. АНУ-д хамгийн том үнийн хямдрал жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлчээр тэмдэглэдэг “Талархалын баяр” болон Шинэ жилийн өмнө болдог. Иргэд энэ өдрүүдийг анаж байгаад үр хүүхэд, ах дүү төрөл садан, амраг ханидаа өх бэлэг сэлт, гол хэрэглээний зүйлээ хямдралтай авч баяр хөөр болж сэтгэл нь сэргэж баярын урам нь улам нэмэгдэнэ. Дэлгүүрүүдэд хямдрал зарлаж хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоом бэлэг, бүсгүйчүүдэд гоёлын барааны болон төрөл бүрийн хямдралын купон, карт гаргаж хүмүүс баярын уур амьсгал дунд ид бужигнаж байдаг. Гэх мэт бүгд сарын өмнөөс реклам гаргаж үнээ хямдруулж эхэлдэг. Зарим хүмүүс тодорхой хэмжээний мөнгөн агууламжтай цахим карт өгч түүнийг авсан хүн дуртай бэлэг дурсгал болон бүх зүйлийг ямарч дэлгүүрээс чөлөөтөй авч болдог. Манайд ч гэсэн цагаан сар болон бусад нийтлэг баярын өмнө ийм үнийн хямдрал зохион байгуулвал буянтай үйл болох нь дамжиггүй. Баярын өмнө бараа, хүнсний үнэ тэнгэрт хадаж, иргэдийнх нь авдаг цалин, олдог орлого нь хэрэгцээндээ хүрэхгүй бол яаж сэтгэл дүүрэн баярлаж чадахав дээ. Иймийг үндэсний хэмжээний баяр гэхэд учир дутмаг байхаа. Гэсэн ч манайхан “Сар шинэдээ сайхан оров уу?”, “Сайхаан” гээд л амны бэлэгтэй золгоцгоодог юм. Сар шинэ болон бусад нийтлэг баярын өмнө иймэрхүү хямдрал үзүүлвэл энэ нь жинхэнэ үндэсний баяр болно. Үүнийг зохион байгуулах нь гар дээр бэлэг тавихгүй, бүсээ чангал хэмээн уриалахаас илүү өгөөжтөй зүйл болно. Уул нь бүсээ чанагалахаас өмнө бид ханцуйгаа шамлахыг л уриалсан нь дээр л дээ. Өмнөх бэлтгэл Хахир хатуу өвлийг давж хүсэн хүлээсэн урин дулаан хаврын улирлыг цагаан сар тээн ирж, хүн бүрт нэг нас, аз хийморь, санаж мөрөөдсөн үйлс нь бүтэх тэр өгөөмөр цагийг ургах нартай хамт золгуулдаг билээ. Хавар бол малчин монголчуудын их найдлагын улирал. Өвөл нь онд мэнд орж урин хавар ирэхэд цагаан идээ дэлгэрч, байгаль цагийн ивээл дор бусад нь болно, бүтнэ хэмээн монголчууд бэлгэшээн ярьдаг. Иймээс цагаан сар болох хугацааг эртнээс тогтоож өмнөх намраас эхлэн эсгийгээ хийж, арьсаа элдэж, гурилаа тээрэмдэн, идээ цэгээгээ базаан, өвөлжөө бууцаа сэлбэн, идшээ хийж, сар шинийн өмнө гол ажлаа нугалан орон гэрээ тохинуулдаг. Өвлийн шөнийн тавиунд үлгэрч, туйлчдаа тойрон сууж бууз баншаа чимхэж, өдрийн сайнд ул боов хийж ууц чанана. Үйлэнд уран бүсгүйчүүд нарийн хурган дотор эгнүүлж торгон дээлийн өнгөнд товч шилбийг нь тааруулана. Эрчүүд өвлийн адаг сарын сүүлчээр унах морьдоо нар дагуулан уяж хааяа хөлөргөж, дэлийг засч хуурай өтөг бууцанд дээр сойж, оёсон дээлээ гадаа дэлгэж дотрыг нь сэргээдэг. Сойгдож шавхарсан морьд нүд нь гэрэлтэн, арьс нь өнгө орж чилгэр болоод дөрвөн хөл дээрээ тэгш зогсох агаад энэ үед дэлийг нь засч уран товруу хазаар, улаан дэвстэй мөнгөн тоногтой эмээлээ тохиод харахад монгол морины үзэсгэлэн сая тодрох ажгуу. Энэ үеэр гүү морь унахгүй, гүзээ мах идэхгүй гэж ярьдаг байлаа. Сүсэг ба дом Цэвэрлэгээ хийхдээ гэрийнхээ үүдийг их анхаардаг. Энэ нь үүдэн сахиус болон үүдээр орох зочин, буян хишгийн замыг бодолцож буй хуучны дом юм. Энэ орой хонгор халзан луус унаж гарынхаа хурууг имрэх агшинд дэлхий ертөнц, гурван мянган орчлонг нэгэнтээ тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэн ум сайн бүхнийг агаар салхи лугаа адил түгээж явдаг Балданлхам бурхны унааг услах мөс баруун хатавчиндаа, тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавьж, буруу бүслүүртээ буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн харгана хавчуулдаг заншилтай байв. Луусыг шарын шашны номлолд хүч, хурд, тэвчээр бүхий сайн хүлэг буюу бурхны унаа хэмээн үздэг аж. Малаа хотлуулж, бурхан тахилаа сэргээн зул өргөнө. Зул өргөх нь битүү харанхуйд бурхныхаа өмнө асаасан бишрэл дотоод сэтгэлийн гэрэл юм. Галаа түлэхдээ галын бурхнаа сүсгээр дээдлэн тахина. Эртний энэ ёс бол айл бүхний гал голомтод тэр гэр бүлийн бүрэн бүтэн буян заяа орших агаад галаа дээдлэн тахиж эцэг эхийнхээ гал голомтыг мөхөөлгүй залгуулах нь овог удмаа мөнхрүүлж тэрхүү буян заяаг тогтоох амин чухал нигууртай билээ. Гал тахина гэдэг нь галын Маранзад бурхандаа зул барьж, өргөл өх утгаар галдаа шар тос хийж арц хүж уугиулан “Хаан эцгийн цахисан, хатан ээжийн бадраасан гол дүрэлз, дүрэлз” тарни уншиж, шинэ гэр бүл голомт залгуулах хүүтэй, галаа манах охинтой болохын өлзийтэй ерөөл хэлдэг. Энэ зан үйл бол эр нь гал залгуулж, эм нь түүнийг нь хөгжөөн бадраах гэсэн утга дор энэ айлын цаашид өсөн дэвжих замыг засч буй хуучны дом юм. Битүүн Битүүний орой бол өвлийн адаг хөхөө сарын гучин буюу үдэж байгаа оны эцсийн үдэш, энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болох агаад бууз банш, эрүүг нь заагаагүй толгой зэрэг битүү хоолыг битүүртлээ иднэ хэмээснээс битүүлэг гэдэг нэр үүссэн тухай хөгшчүүл хуучилдаг. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, бухандаа зул өргөж, эмэгтэйчүүд өмсөж зүүх хувцас хунар, үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авахад тэнгэр үүлээ хөөн Үсээ самнасан авгай нэг цэмцгэр Үнсийг нь авсан тулга хоёр цэмцгэр Үүлээ хөөсөн тэнгэр гурван цэмцгэр гэж ертөнцийн гурван цэмцгэр бүрддэг хэмээн аав ээж маань сургадаг байлаа. Битүүний орой битүүртлээ иднэ гэдэг нь шинэ оныг гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мөн хэвээр байна хэмээх зөн бэлгэдлийг агуулсан эртний заншил юм. Битүүний энэ оройд зориулж бэлдсэн идээ, чанасан мах, банш жигнэсэн бууз цадатлаа иднэ. Гэр бүлийн хэмжээнд банш буузандаа гурван цагаан буюу мөнгө, цагаан идээ, цагаан будаа тэргүүтнийг нууж хэн таарсан хүнд эд мөнгө, идээ цэгээ, будаа тариа элбэгийг бэлэгдэнэ. Ингэж ирж буй оны босгон дээр сэтгэл тэнүүн болж, өглөө гарах, ирэх зүг мөрийг тогтоосноор сар шинийг угтах гол бэлтгэл ажил дуусдаг. Хуучин цагт энэ орой сар шинийн өглөөг хүлээн шагай таалцах, няслах, шүүрэх, алаг мэлхий өрөх, хорол даалуу наадаж, үлгэр, таавар, ертөнцийн гурвыг хэлцэж, оньсого таалцаж хөгжилдөж хононо. Манай аав ээж нар маань бидэнд -За ертөнцийн гурван хоосон юу вэ? гэхэд хариуд нь бид Барин тавин байвч зүүд нэг хоосон Барайж торойж байвч зэрэглээ хоёр хоосон Бахирч хашгирч байвч цуурай гурван хоосон -Гурван улаан юу вэ? гэхэд хариуд нь бид Жаргалтай хатны хацар нэг улаан Жавартай тэнгэрийн хаяа хоёр улаан Жалагт ургасан сухай гурван улаан гэх мэтээр хариулана. Ертөнцийн гурав бол Монгол түмний аман зохиолын онцгой уран агаад оньч мэргэн ухааных нь увидас юм. Оньсого таалгахдаа “Зуундарийн зургаан цагаан ямаа зуданд үхээгүй атлаа зун үхлээ” тэр юу вэ? гэнэ. “Марал мичид” хэмээх зургаан од өвөл гарч энгийн нүдэнд үзэгдээд зун харагдахаа болидог. Энэ оньсогыг хүүхэд нэг л удаа сонсоод эдгээрийн тухайд анхны ойлголттой болох агаад хүүхдийн санаанд насан туршид нь үлддэг юм. Хэрэв хэлсэн оньсогыг нь тайлж чадахгүй бол худалдана. Худалдахдаа дайрал үгээр: Тайлаг тайлаг тэмээнээс Таван атга шорооноос Гунжин гунжин үнээнээс Гурван атга шорооноос Сэтэрхий зүүнээс Сэмэрхий хадагнаас гээд... л наргиан болгон дуудаж гарна даа. Үлгэр бол бидний дуртайяа сонсдог зүйлийн нэг байлаа. Үлгэрт үргэлж шудрага үнэн, муу муухайг ялж төгсдөг. Өнөөдөр ч гэсэн бид өдөр тутмынхаа амьдралдаа үлгэрт гардаг тэр шудрага үнэнийг үргэлж мөрөөдөж эрж хайсаар л байгаа. Иймээс ирэх шинэ он цагийн өнгөнд шудрага үнэн амьдралын бодит хэрэглүүр болоосой хэмээн өөдрөг сэтгэлээр сар шинээ угтая. Бүтүүнд хэсэхгүй, айлд хонохгүй, хэрүүл хийж, амны бэлэггүй юм ярихгүй, бүх цэвэрлэгээ дуусч шинийн өглөө ус барих, юм угаах,оёх, хог үнс асгах, мал нядлах, хүүхэд, амьтан загнаж зодох, үс засах, түлээ хөрөөдөх гэх мэтийг хийхгүй, эд мөнгө зээлэх, хэрэлдэх, өр төлбөртөй онд орохыг цээрлэдэг. Сар шинийн өмнө бүх муу үйлийг дуусгаж ирэх шинэ цагт сүр сүлд тэнгэрлэг, аж амьдрал өөдлөн дээшлэхийг бэлгэдэн ирээдүйд итгэн найдаж буй бишрэл бөлгөө. Ингээд таван мэдэрхүйдээ сайн сайхны бэлгэдэл болгож нүдээрээ зул, чихээрээ дуу хуурын аялгуу, амаараа амтад идээ, хамраар арц хүжийн үнэр, биедээ шинэ хувцас өмсдөг нь сар шинийн өмнө саар бүхнийг гээн бие, хэл, сэтгэлийг ариусгаж, бодол санаагаа цэгцлэж буй өөдрөг санааны илрэл юм. Өөдрөг сэтгэл, баярын урамтай айл гэрийн голомтод дуу хуурын эгшигт гэрийн жавар арилан жаргалтай дэлгэр бүрдэж нэгээс нөгөөд дамжин өрх гэрээрээ, айл хотлоороо, улс түмнээрээ өгөөмөр тэнүүн уур амьсгал ордог ажгуу. Энэ орой монголчууд морин хуурынхаа жаврыг гарган цэнгэнэ. Моринд дуртай монголчуудын зөн совин, уянга ярууг өөртөө шингээдэг морин хуур хэмээх энэ уран эгшиглэн монгол хүний дотоод сэтгэлийн гүн мэдрэмжийг хөглөн огшоодог увдистай бөлгөө. Хуурын хоёр чавхдас дөрвөн цагийн өнгийг хөг аяндаа багтаан хүний хэлээр ярьж, шувуудын дуугаар донгодон, хүлгийн үүрслээр янцгаана. Уртын дууны аялгуу нь зөвхөн энэ хөгжмийн уянгатай нийлж хөдөө талын нүүдэлчин амьдралын аясд хэмнэлд идээшин дассан монгол хүний сэтгэлийн дөлийг бадраадаг билээ. Сар шинийн идээ шүүс Тавгийн идээний гол сүнс нь ул боов юм. Таваг засахдаа идээний боовыг 3,5,7,9 гэх мэтээр сондгой үеэр жаргал зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг заншилтай. Есөөс дээш үеэр идээ өрөхгүй. Гурван үе идээг залуу гэр бүл хориос гучин насны, таван үеийг гучаас тавин насны гэх мэтээр үеийн тоо нь өсч явсаар далаас дээш настан есөн үе идээ тавих учиртай. Иймээс айл болгон заавал есөн үе боов өрөх шаардлагагүй гэсэн үг. Дээр нь цагаан идээ, еэвэн, ёотон, чихэр зэргээр чимдэг. Цагаалга хэмээн цагаан будаа агшааж бэлдэнэ. Үүнээс гадна цагаан сараар хүүхдэд өх самнай, жижиг дугуй боов хийдэг. Гол идээний нэг бол хонины ууц юм. Ууц гэж ер нь юу юм бэ, заавал түүнийг айл бүр тавих ёстой юу гэдэг асуудал өнөөдөр гарч байна. Ууц гэж хонины нуруу бүхлээрээ сээрээс хойш ахар сүүл хүртлэх хэсгийг хэлнэ. Монголчууд зөвхөн халуун хошуут хонин сүргийнхээ дундаас хүч тарга сайтай эрийг сонгож ууц тавидаг. Эртнээс уламжилж ирсэн монгол зон олны гүн хүндэтгэлийн энэ идээ шүүсийг голдуу төрийн хүндэтгэл, шашны баяр болон олон нийтийг хамарсан том хэмжээний баяр наадам ёслолын үед л хэрэглэдэг байлаа. Хөдөөний малтай айл бол ууц тавихад нэг их хүндрэл гарахгүй байхаа, хотынхонд бол ямар нэг гэр бүлийн баяр, насны ой, хурим зэрэг онцгой тэмдэглэлт үйл явдал давхцсан үед л тавихаас бусад үед бол заавал ууц гэх шаардлагагүй. Бусад үед гар доорхи идээгээр цагаан сарыг тэмдэглэх нь зохистой. Өнөөдрийн нийгмийн гол давхрага болсон жирийн иргэдэд маань өндөр үнэтэй ууц тавих боломж хомс тэгээд ч орчин цагийн хүмүүсийн хандлага нөхцөл байдлаас шалтгаалан энэ бүхнийг өөрчлөх шаардлага зайлшгүй урган гарч байгаа юм. Иймээс айл бүр ууц тавих гэж улайран хөөцөлдөх шаардлагагүй, боломжтой нь тавиг боломжгүй бол гарын дор байгаагаараа л тэмдэглэцгээе. Ууцыг бүхлээр тавихад дээд голд нь толгой, дээд хаа талд зургаан өндөр хавирга, доод сүүл талд нь хонготой шагайт чөмөг, цээжин талд нь сээр, хүзүүг амьд хонинд байдаг байршил, дарааллаар нь өрж толгой тал нь гэрийн хоймор зүгт чиглэнэ. Далны маяа, хавирганы бураа талыг харцага буюу их бие өөд харуулан өрдөг. Өвчүү чанавал өехийд дал, дөрвөн өндөр хавирга, шаант богтос зэргийг тавьж болно. Шинийн нэгэн ба овоонд гарах ёс Хуучин цагт шинийн нэгний өглөө эртлэн гарын алганы хээ харагдах үеэр барамжаалан босдог байв. Өнөөгийнхөөр бол үүр хаяарч эхлэх 6.50 -7.00 цагийн үе юм уу даа. Өглөө 8 цаг гэхэд нар мандана. Битүүний энэ орой лам нар шөнөжин Цэдэрлхам хурж энэ бурхны тахилгыг дуусгаж хоноод өглөө нь Очирдарь бурхандаа мөргөж ерөөл тавьж өлзий хутаг оршооно. Балданлхам бурхан орчлон дэлхийн тойрон явсаар газарт бууж ирдэг хэмээн энэ өглөө түүнд зориулан Цэдэрлхам хурж хоносон лам нар золгоцгоож залгуулаад сүсэгтэн мөргөлчин олон ирж оролцдог уламжлалтай. Зурхайч нар ирж байгаа жилийн өнгө төрхийг тодорхойлж шинийн гуравнаас эхлэн цагаан сарын их ерөөл, шинийн арван дөрвөнд хамгийн том хурал болж энэ үеэр монголчууд өргөнөөр ирж бурхан болоочдынхоо хойноос буяны ерөөл, хурал ном хуруулж, суудал юугаа салгуулж энэ жилийнхээ заслыг хийлгэдэг. Шинийн эхний арван тав хоног бол бурхан багшийн их дүйцэн өдөр агаад ид хувилгаан үзүүлж хийсэн буян аривжих тул хүмүүс өргөнөөр сүм хийдэд ирж мөргөл үйлддэг. Нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр суудал нийлсэн байж болзошгүй тул суудлаа салгуулах дом хэмээн өмнөх битүүний орой мөлжиж орхисон хонины толгойн эрүүг нь хамтдаа зааж салгадаг домтой. Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагаа, сэтгэл санааны ариунаар их бэлэг дэмбэрэлтэй өдөр болгодог нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай дом юм. Монголчууд мандаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморилог зүйл хэмээн үздэг. Шинийн нэгний өглөө ургах нартай уралдан эрчүүд ойролцоох уулын орой дахь овоонд сүүтэй цай, цагаан идээнийхээ дээжийг тэнгэр, хангайдаа өргөж, хийморийн зүг гарч хишгийн зүгээс ирнэ. Өндөрлөг газрыг тэнгэр газрын зааг хэмээн үзэж хоёр гараа дээш өргөн хурайлж тэнгэр хангайдаа хурайлан залбирдаг хуучны нэгэн дууг: Цагаан сарын шинийн нэгэндээ Цагаан идээгээр гэрээ дүүргээд Цагаан эсгийгээ гаднаа дэвсээд Тэнгэр бурхандаа мөргөмүү... хэмээн монголчууд эртнээс дуулж ирсэн түүхтэй юм. Эрт дээр цагаас эцэг хан тэнгэр, эх хатан дэлхий хэмээн биширч ирсэн монголчуудын хувьд овоо бол дээд хан тэнгэрт ойртох өндөрлөг гэсэн утгатай. Овоон дээр гарна гэдэг нь тэнгэр бурханд улам ойртуулах өндөрлөг газар, уулын оройгоос шүтэх боломжийг илүү бүрдүүлж буйн нэг илрэл агаад монгол хүний ирээдүйн зам мөр, хагацал, учрал, гүн сүсэг бишрэл агуулагдсан дотоод сэтгэхүйн орон зай дахь сүсэг бишрэлийн нэг оргил юм. Энэ өглөө монголчууд наран гарах зүг нарыг тойрон эргэлдэх газар дэлхийтэйгээ хамт тэмүүлэн ургахын улаан нарнаар их эзэн тэнгэр бурхандаа залбирч хурайлдаг бөлгөө. Ингэж монголчууд эрт дээр үеэс сар шинийг дорноос ургах өглөөний улаан нарнаар угтан бүх хүн амьтан бүр нэг нас нэмж өвлийг өнөтөй даван урин дулаан хаврын тэргүүн барс сартай золгодог нь европ болон баруун зүгийн шинэ жилээс эрс ялгаатай юм. Их хүрээний монголчууд Богд уулын ар хормой дахь Эрдэнийн овоо хэмээх намхан довцог болон Тасганы овоонд сар шинийг угтан гарсаар ирсэн уламжлал, заншлаа өнөөг хүртэл хадгалсаар иржээ. Миний багад шинийн нэгний өглөө манай нутгийнхны гарч заншсан уул бол Эрдэнэтолгой гэж намавтар толгой байв. Энэ уулын орой дээр морьтой явган яаж ч гарахад хялбар, настай буурлууд морин тэрэгтэйгээ хүрчихдэг юм. Аав маань намайг дагуулж гараад л гэр бүлийнхныхээ мөр зүгийг гаргадаг байж. Иймээс хүмүүс овоог сонгохдоо гэрт ойр, нар харагдах, гарахад нам байдлыг харгалзах ба алс хол тэртээд өндөр оргилд барагтай л бол гардаггүй байж. Хийморийн зүг гарч, буян хишгийн зүгээс ирж гэрийн эзэн бусдыгаа төлөөлөн мөрөө гаргаад гэртээ буудаг ёс ч бий. Шинийн өглөөний наран мандахыг харах нь их зөн бэлэгдлийн чанартай хүний сэтгэлд ямагт нэгийг бодогдуулдаг эрхэм зүйл байдаг. Хэдийгээр би аавтайгаа байх тэр үед бага балчир байсан ч тэр өглөөг урьд өдрүүдээс нь эхлэн онцгой өндөр сэтгэгдэлтэйгээр хүсэн хүлээж байсан нь өнөөг хүртэл санаанаас минь гардаггүй юм. Ингэж надад энэ заншил уламжлан үлдсэнийг дагаж сүсэглэн явсаар өдгөө хүрчээ. Хот суурин газрын хүмүүст ийм боломж ховорч хүүхэд багачуудаа заавал сар шинийн биш ч өглөөний наран мандахыг, арван тавны болон шинийн сар гарах, хаврын шувууд ирж цэцэг навч дэлгэрэхийг нэг ч удаа атугай харуулж эх байгалийн бусад уран үзэгдлүүдийг тайлбарлаж мэдрүүлэхийг хичээгээрэй. Нүдээр үзэж биеэр мэдэрсэн зүйлийг хүүхэд амьдралдаа мартахгүй байгалийн сайхныг шүтэж хайрладаг болно. Овооноос бууж гэртээ ирээд бурхандаа залбирч үр хүүхэд нь эцэг эхдээ, дүү нь ахдаа золгосны дараа өөрсдийн настангуудад, дараа нь айл саахалтаар өргөн золголт болж сар шинэд сайн орсныг тэмдэглэнэ. Сар шинэд нэг гэрийн эр эм хоёр золгодоггүй учир бол тэндийг бие сэтгэл нэг хэмээн үздэгт оршино. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золговол хүүхдийн хүйс солигдоно хэмээн цээрлэдэг байжээ. Нас сацуу хүмүүс хоорондоо гар зөрүүлэн золгох ба хэрэв хэн нэг нь түрүүлж гэрлэсэн бол нөгөөх нь түүнд хүндэтгэл үзүүлж тохойг нь түшиж золгодог. Энэ өдрүүдэд нэг гэрийн эр эм хоёр ам зөрөхийг муу ёр хэмээн цээрлэдэг. Хөөрөг зөрүүлэх нь угаас зөвхөн монголчуудын нэгэн өвөрмөгц заншил, зөрүүлсэн хүнд итгэл хүндэтгэл үзүүлж, цаашид сайн харилцаатай байхын бэлэгдэл буюу харгүй цагаан, хараалгүй зөв санаа агуулж буйн баталгаа юм. Хөөргийг нас тогтсон хүмүүс голдуу хэрэглэх ба хэрэв залуу хүмүүст хөөрөг баривал ахмад нь түүнийг эрийн цээнд хүрч буйг нь хүндлэн үзэж буйн илрэл болно. Хөөргийг гардан авч үнэрлээд буцаана. Энэ үе бол ахмад буурлууд төрөл садантайгаа уулзаж, хүүхэд залуус нь удам угсаа, ураг овгоо хэлцэн мэдэж авах чухал завшаан болдог. Ахмад буурлуудаасаа эхлэн онцгой хүндэтгэл үзүүлж золгохдоо хөгшид өтгөс, өөрсдийн эцэг эх, төрөл садангийн ахмад хүмүүст хадаг барин, задгай нугалаа бүхий ам талыг золгох хүн рүүгээ харуулж дэлгэсэн алган дээр нь эрхий хуруунд тулгаж тавих ба ахмадуудад хадгаа үлдээх ч ёс бий. Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз, өнгө ба монголчууд ахмад настан болон эцэг эхдээ урт наслахын билэгдэл, хүний дүрстэй, цэнхэр Аюуш хадгаар голдуу золгодог. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвэхээд хүндтэй газар тавина. Хөх хадаг төрөл саданд, цагаан хадаг эх хүнд, шар хадаг сүм хийд лам нарт гэх мэт өнгөөр ялгах ба найман тахилт хадгаар хүндэтгэлийн золголт хийдэг ёс бий. Энэ өдөр олныг хамарсан үйлс, хөгжөөнт тоглоом, шагай, хорол, шар нохой гүйлгэх, сээр хуга шаах, шагайт чөмгийн шагайг эрхийгээр мулт дарах, унасан морьтойгоо бооцоотой уралдах, адуу шургуулж уургалах зэргээр наадна. Элдэв сонин хачин үйл явдал, үлгэр, оньсого хэлж, тоглоом наадмаа үргэлжлүүлж энэ оройг бүгдээр цэнгэн өнгөрөөнө.
|